ГАРААНЫ “БИОАРИУС” КОМПАНИЙ БИОБЭЛДМЭЛИЙГ НЭВТРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн Ажлын албаны төлөөллийг 6-р сарын 17-ны өдөр хүлээн авч уулзан ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын гарааны “Биоариус” компаний гаргасан хөрсний бохирдлыг бууруулах биобэлдмэлийг танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн 18, 19, 20-р хороод байршлын нөхцөлөөс улбаалан шар усны үерт ихээр өртдөг бөгөөд үерийн ус ойр орчмынхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул түүгээр олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нянг тарааж  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд ноцтой аюул учруулаад байна.

Иймд тухай асуудлыг шийдвэрлэхэд нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай байгаа ба эхний ээлжинд тус дүүргийн 18-р хорооны 150 айл өрхөд биобэлдмэлийг хийж хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хөрсний бохирдлыг арилгах, бохирын үнэрийг дарж, өвчин үүсгэгч нян бактериас халдваргүйжүүлэхээс гадна хөрсийг нөхөн сэргээх зэрэг олон давуу тал үүсэх юм.