ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа. Тус уулзалтаар “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.

Уулзалтын хүрээнд, нийслэлийн дүүргүүдэд “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, шалгарсан гарааны бизнесүүдэд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжилтийн дэмжлэг олгох талаар хэлэлцлээ. Түүнчлэн цаашдын үйл ажиллагааг нь дараагийн түвшинд гаргахад чиглэсэн ментор, зөвлөх үйлчилгээг үзүүлэн, бойжуулалтын хөтөлбөрт хамруулах, хамтран ажиллахаар шийдвэрлэв.