ИХ СУРГУУЛИУД ХАМТРАН “СОЁЛ, УРЛАГИЙН ЭНТРЕПРЕНЕРШИП” БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын мастерын мэргэжлийн суурь хөтөлбөр, СУИС-ийн Менежментийн магистрын хөтөлбөрүүдэд тулгуурлан “Соёл, урлагийн энтрепренершип” бизнесийн удирдлагын магистрын сургалтыг хамтран зохион байгуулах гэрээнд Соёл урлагийн их сургуулийн захирал Э.Сонинтогос, Санхүү эдийн засгийн их сургуулийн ректор Б.Мөнхбаяр нар гарын үсэг зурлаа. Энэ нь их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд анхны сайн туршлагын эхлэл гэж хэлж болно. Тус хөтөлбөр нь виртуал технологи, чадамжид тулгуурласан арга зүйд суурилж хичээллэнэ. Сургалтын үр дүнд орчин үеийн мэдлэгийн эдийн засаг, инновацын хүрээнд монгол төдийгүй олон улсад соёл урлагийн менежмент, бизнесийг хэрхэн яаж амжилттай удирдаж авч явах арга барилыг эзэмших болно.

СЭЗИС-ийн Хамтын ажиллагаа бизнес хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Батжаргал: “Соёл урлагийн бүтээлч үйлдвэрлэлийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Үүний ард үндэсний соёл, урлагийг монголдоо түгээх цаашлаад Монгол улсын нэр хүндийг өсгөх, Монголын соёл, урлагийг дэлхийн зах зээлд гаргах ажлын эхлэл бий боллоо гэж хэлж болно” гэв.  СУИС-ийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч Ж.Эрхэмтөгс: “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад манай хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэв.