Маркетингийн стратегийн ШИНЭ 5P гэж юу вэ?

Бидний сайн мэдэх уламжлалт 4P буюу (Product, price, place, promotion) нь бүтээгдэхүүн, үнэ, байршил, сурталчилгаа гэсэн ойлголтуудыг хамардаг. Тэгвэл 4P-ийн уламжлалт ойлголт нь хэрэглэгчдийг хэтэрхий хайрцаглачихдаг гэсэн шүүмжлэл нилээд үүсч байна. Цаг үеийн уялдаа холбоо, өөрчлөлт шинэчлэлт, маркетингийн бодлого зэргээс хамааран маркетингийн стратегид нэмэлтээр 5P орж ирж байна.

Purpose буюу зорилго

Хэрэглэгч, харилцагчид нь таны бизнесийг хуваалцах, үнэ цэнэтэй уялдаж, холбогдож буйгаа мэдэрвэл зүгээр. Хэрэглэгчийн баримталдаг үнэ цэнэд танай бизнес ч хувь нэмэр оруулж байх хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь, фитнесс, йог, сэтгэл судлалын хичээлүүд ордог компани нь давхар онлайн бүлгэм үүсгэж, гэртээ хичээллэхийг хүсч буй хүмүүсийг хамруулж байх хэрэгтэй. Энэ нь өөрийн аюулгүй байдлыг эрхэмлэж, онлайнаар эрүүл мэнддээ анхаарах гэсэн хэрэглэгчийн байр суурийг харгалзсан шийдвэр юм.

Pride буюу бахархал

Танай харилцагч, худалдан авагч нар нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авдгаараа бахархдаг байх хэрэгтэй. Аль нэг онлайн коммюнити буюу бүлгэмийн нэг хэсэг байснаар томоохон багш, менторуудын зөвлөгөөг авдаг, түүгээрээ ч бахархдаг байна гэсэн үг. Жишээ нь: Аль нэг брэндийн автомашин эзэмшигч нар нь өөрсдийн сонголт, сонирхол, хоббигоороо бүлэгт нэгдэж, тэндээ тухайн машин унадаг, хэрэглэгч гэдгээрээ бахархаж, үнэ цэнэтэй харилцаа нетворкинг үүсч байдаг.

Partnership буюу түншлэл

Хэрэглэгчид танай компаний явуулж буй үйл ажиллагаа, зорилго чиглэлтэй холбогдож, хамтдаа байгаа гэдгээ мэдрэх дуртай байдаг. Өөрсдийн коммюнити буюу бүлгийн үйл ажиллагааг сурталчилж, шинэ контентууд гаргаж байх хэрэгтэй. Жишээ нь танай компаний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүсийн группт урамшуулал зарлах, тэдний идэвхтэй байдлыг урамшуулах, хамтран ажиллах зэргээр “бид хамтдаа шүү” гэдэг мессежийг өгч байх нь зөв.

Protection буюу хамгаалалт

Танай хэрэглэгч, харилцагчид бизнес хийхдээ компанид тань итгэж, хамгаалалтанд нь байгаа мэт мэдрэмж авч байх ёстой. Зарим тохиолдолд хэрэглэгчид үнэгүй Trial хувилбарынхаа хугацааг хэтрүүлээд автоматаар төлбөрт ангилал руу шилжчих тохиолдол түгээмэл гардаг. Тэгвэл энэ үед танай компани хэрэглэгчид сануулга мессеж илгээж, одоо тэр үйлчилгээ рүү шилжих гэж байна, та уг сонголтыг зөвшөөрч байгаа бол мэдэгдэнэ үү гэх нь зөв. Нэг ёсондоо танай компани үйлчилгээний соёл, харилцагчаа хүндэтгэх жудагтай байна гэсэн үг юм.

Personalization буюу Хувь хүнд нь хандах

Танай хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ, зорилт зорилгууд нь компаний хувьд маш чухал гэдгийг тэд мэдрэх дуртай. Жишээ нь: дээр яригдсан онлайн сургалтын үеэр зааварлагч багш нар нь үзэж байгаа хүнд онцлон хандаж, түүнтэй харьцаж, тусгайлан авч үзэж буйгаа мэдрүүлэн хичээлээ заах нь үнэхээр үр дүнтэй. Хэрэглэгч өөрийг нь бусдаас тусгайлан авч үзэж, ач холбогдол өгч, санаж байгаа компани, бүтээгдэхүүн үйлчилгээнд маш таатай ханддаг.