Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв байгуулагдана



Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт технологи, инновацын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн Монгол, Солонгосын хамтарсан "Гарааны бизнесийг дэмжих төв” байгуулагдана. 
Төслийг БНСУ-ын талаас “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, МУ-ын талаас Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон төслийг санаачлагч “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ нар хамтран хэрэгжүүлж байна.Уг төслийн үр дүнд бизнес хэрхэн эрхлэх мэдлэгийг Монголд нутагшуулан ажиллах хүрээнд энтрепренер боловсрол, хурдасгуур, инновацын хүний нөөцийг чадавхжуулах, гарааны компанийг Монгол, Солонгосын мэргэшсэн экспертийн баг хамтран хөгжүүлэх, хоёр улсын бизнесийн орчинг сайжруулах, бизнес эрхлэгчдийг холбож ажиллах хүрээнд мэдлэг, мэдээлэл, сайн туршлагыг солилцох, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, эргэх хөрөнгийг нэмэгдүүлэх, гарааны бизнес хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг тус тус хэрэгжүүлэх юм.