С.Отгонбат: Аялал жуулчлалын стартапуудад хөрөнгө оруулахад бэлэн байна

“Ottegen Holdings”-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал С.Отгонбаттай ярилцав.

Нийтлэлийн хураангуй:

  • Стартапуудад баг л сайн байвал бусад нь шийдэгдэх асуудал
  • Амжилтгүй стартап гэдгийг Unicorn түвшинд очсон эсэхээр ойлгодог
  • Миний санааг хөрөнгө оруулагч ойлгодоггүй гэдэг бол алдаа
  • Гурван минутын Pitch хамгийн тохиромжтой байдаг
  • Санхүү, аялал жуулчлалын стартапуудад хөрөнгө оруулахад бэлэн байна

Миний хувьд 2018 оноос Монголын стартапуудтай танилцаж, судалж эхэлсэн байдаг. Анх СТАРТ-ийн хамт олон надад энэ салбар ирээдүйд үр дүн үзүүлж чадах потенциал ихтэй талаар танилцуулсан. Улмаар судалсны эцэст 2019 оноос стартапуудад хөрөнгө оруулж эхэлсэн түүхтэй. Одоогоор 30 гаруй гарааны бизнесүүдтэй уулзаж, танилцсан байна. Сонирхолтой татсан төсөл олон бий. 

Анх эхэлж байх үед гарааны бизнест хөрөнгө оруулагч ховор байсан. Энэ салбар өөрөө шинэлэг төдийгүй хөрөнгө оруулагчид стартапуудтайгаа л адил суралцаж бойжоод явж байна. Ялангуяа “Angel” хөрөнгө оруулагчид бусад венч сан корпорациудаас түрүүлж хөрөнгө оруулдаг. Одоо ч энэ байдал хэвээрээ байх. Тухайн үед LendMN-ийн залуус л хөрөнгө оруулалт авч амжилттай явж байсан санагддаг.

Анхны хөрөнгө оруулалт

Анхны хөрөнгө оруулалтаа “Insur” болон “Erxes” компаниудад зэрэг шахуу оруулсан байдаг. Монголын ирээдүйтэй чиглэлүүдийн нэг болох даатгалын салбарт томоохон өөрчлөлт хийх болон Цахиурын хөндийд гарахаар маркетингийн технологи хөгжүүлж буй зоримог залуустай анх уулзаж билээ. Одоо амжилттай ажиллаад явж байна даа.

Анх хөрөнгө оруулалт хийж байхдаа гаргасан алдаа

“Баян аав, ядуу аав” гэх ном дээр гардаг шиг санагдаж байна. Үл хөдлөх хөрөнгө авах даа эхлээд таалагдсан 100 байрнаас шигшилт хийж 10 хувийг нь сонгож, бүгдийг нь газар дээр нь очиж үзээд дараа нь түүнээсээ дахин 10 хувийг нь ялгаж явсаар эцэстээ 1 хувь дээр нь унах хэрэгтэй гэдэг. Яг үүнтэй адил стартапд хөрөнгө оруулахдаа олон хүнтэй уулзаж туршлага хуримтлуулж, өөрийн хүрээллийн хүмүүсээс cанал (feedback) авах хэрэгтэй байсан гэдгийг ойлгосон. Миний хувьд үүнийг л дутуу хийсэн юм шиг санагддаг.

Стартапуудаас хардаг хамгийн чухал зүйл

Стартап гэдэг бол жирийн нэг шинээр гарч ирсэн бизнес биш. Тодорхой хэмжээгээр инновацийг бий болгож, орлогын моделио ч ойлгоогүй, өөрчлөлт авч ирэх супер санаа дээр нэгдсэн залуус гэх нь зөв байх. Тухайлбал “Uber” гэж бид их ярьдаг. Энэ бол жинхэнэ стартап. Харин “Lyft” бол стартап гэхээсээ илүүтэй хэдийнээ тогтсон модель дээр явж буй шинэ бизнес гэж хэлэхэд болно. Шинэ бизнес болгон стартап биш. Тиймээс инновац авч ирэх супер санааны араас элдэж буй залуус нь их чухал. Өөрөөр хэлбэл баг гэсэн үг. Үүнийг бий өмнө ч харж байсан. Цаашдаа ч гарааны бизнесүүдээс харах хамгийн чухал зүйл маань байх болно.

Стартапууд юун дээр алддаг вэ?

Нийт стартапуудын дийлэнх хувь нь амжилтгүй болдог гэсэн ойлголт байдаг. Гэхдээ үүнийг юу гэж ойлгохоос хамаарна. Стартапуудын хамгийн том алдаа нь бүх зүйл эхлэхээс өмнө бусдаас хөрөнгө босгох ажлаа эхлүүлэх явдал юм. Гэтэл ямар ч агуу санаатай байсан өөрөө тодорхой хугацаа зарцуулж, бүхнээ зориулан эрсдэл хүлээгээгүй бол таныг зугаацуулах хөрөнгө олдохгүй. Тиймээс стартапууд маань өөрсдийн хадгаламж, найз нөхөд гэр бүлийн хөрөнгийг тухайн төсөлдөө татаж эхлэх нь зүйтэй.

Үүнээс гадна эхлэхийн өмнөх бэлтгэл муу байдгаас болж алдах явдал бий. Ямар ч төлөвлөгөөгүйгээр 1 эсвэл 2 жилийн дараа алаад өгнө гэсэн харанхуй сэтгэлзүйгээр орох хэрэггүй. Үүнээсээ болж л алддаг. Миний хувьд хөрөнгө оруулсан гарааны бизнесүүдээ амжилттай болгоно гэсэн итгэл дүүрэн байдаг. Учир нь урт хугацааны зүйл болохоос 1 жилийн дотор тэсрэлт хийгээд амжилтад хүрэх ойлголт биш гэж боддог болохоор тэр. Тиймээс 5 жилийн дараа дүгнэх нь зөв байх.

Зах зээлийн бэлэн байдал

Аливаа салбарын хэрэглэгчид технологи болон бизнесийн чиглэлийн суурь мэдлэгтэй болсон байх нь инновац нэвтрүүлэхэд их үр дүнтэй болгож өгдөг. Монголд хэрэглэгчдээ бэлэн болгох асуудал бүх стартапуудад тулгарч байгаа. Тиймээс зах зээлээ бэлдэх нь өөрөө хамгийн том сорилт болоод байна. Засгийн газрын Цахим Монгол хөтөлбөр нь олон гарааны бизнесүүдийн суурь платформ болно гэж харж байгаа.

Хөрөнгө оруулахад бэлэн салбар

Миний хувьд анхны бизнесийн гараагаа аялал жуулчлалын салбараас эхэлж байсан түүхтэй. Мөн Монголд даатгал, бусад санхүүгийн салбар технологийн өөрчлөлтийг хүлээж авахад харьцангуй бэлэн ирээдүйтэй санагддаг. Тиймээс энэ хоёр чиглэлийн гоц санаа, супер багтай стартап хүрээд ирвэл хөрөнгө оруулахад бэлэн байна. Одоогоор харьцангуй бэлэн болсон залуустай тааралдаагүй байгаа тул хүлээгээд л явж байна даа. Сүүлийн үед сошиал сүлжээн дээрх бүтээлч контент үйлдвэрлэл буюу creative industry ихэд сонирхож байгаа.

Хөрөнгө оруулалтын тохироо хэрхэн явагддаг вэ?

Уламжлалт буюу 90-ээд онд нээлттэй компани гэх ойлголт хөгжөөгүй байх үед бизнес эзэмшигч нь компанийн 51 хувийг өөр дээрээ байлгах шаардлагатай гэж үздэг байсан. Ингэснээр бүх процессыг хяналтдаа байлгаж, удирдлага алдахгүй гэдэг зарчим үйлчилж иржээ. Харин одоо нээлттэй компанийн талаар хүмүүс сайтар ойлгож, багахан хувьтай ч ашигтай ажиллах талаар ойлголттой болоод ирэв. Тиймээс заавал 50 хувь байх ёстой гэх зарчим алга болж харьцангуй чөлөөтэй яригддаг болсон.

Ямар төрлийн Pitch сонсох дуртай вэ?

Стартапуудад бизнесээ танилцуулахад 3 минут л хангалттай гэж боддог. Тиймээс тухайн хугацаанд сонирхол татсан гарааны бизнесүүдтэй дараа нь удаан хугацаанд ярилцаж, танилцах нь зүйтэй. Харин орчны хувьд оффис дээрээ уулзах нь тухтай байдаг төдийгүй гадаад орчны анхаарал сарниулах зүйлсээс хол байлгадгаараа амар санагддаг.

Хөрөнгө оруулалт авах амархан уу?

Ер нь хэзээ ч амархан биш. Миний хувьд ч гэсэн хөрөнгө оруулалт татъя гэвэл хэцүү. Хөрөнгө оруулалт хүсэж ирж буй гарааны бизнесүүд хөрөнгө оруулагчид даа заах маягтай аашлаад байгаа харагддаг. Бараг “Та мэдэхгүй байна” гэх хандлагууд ажиглагддаг. Тэр нь тэднийг бэлэн болоогүй байгаа гэдгийг шууд илтгэж өгдөг.

Монголд гарааны бизнесийг оюутны ширээнээс дөнгөж боссон 20-той залуучууд хийдэг гэх ойлголт дэлгэрээд байгаа мэт санагдсан. Яахав бүр гоц санаатай, супер багтай биш л бол хөрөнгө оруулалт босгоод амжилтад хүрнэ гэдэг хэцүү. Гаднын орны туршлагаас харахад тодорхой түвшинд өндөр мэдлэг, туршлагатай болсон, мөн өөрийн гэсэн хадгаламжтай 30-40 орчим насны залуус стартап хийх нь амжилттай явах баталгаа болдог гэх судалгаа уншиж байсан. Тиймээс стартап хийж, хөрөнгө оруулалт авна гэдэг бол туйлын хэцүү зүйл юм.