ШИЛДЭГ ГАРААНЫ КОМПАНИ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА


Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээ энэ жил цар тахлын нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр явагдсан юм. Тухайн жилийнхээ инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд танилцуулдаг үзэсгэлэнгийн үйл ажиллагаа энэ удаад байгаль орчны эрүүл аюулгүй байдал, эко системийг хамгаалах нэгдсэн агуулгын дор “Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилгууд” сэдэвтэйгээр олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан. Нийт 121 гарааны компани оролцож 200 гаруй инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан уг томоохон арга хэмжээнээс “Шилдэг инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээ” номинац шалгаруулж, хөдөө аж ахуйн технологийн гарааны компани болох Номадс Агритек Инновэйшнс ХХК-ийн “Агролли” ухаалаг гар утасны аппликейшн тодорсон. Тэгвэл өнөөдөр (2021.08.18) шагналыг Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, “GIZ” буюу ХБНГУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн захирал Ютта Рихаг, тус төслийн зөвлөх И.Мөнхбаяр нар гардууллаа.“Агролли” аппликейшн нь өрхийн тариаланчдад цаг уурын өөрчлөлттэй тэмцэх болон хөдөө аж ахуйн салбарт түгээмэл тулгардаг асуудлуудыг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой дижитал бүтээгдэхүүн юм. Тухайлбал, “Агролли” апп дээрээс тариаланчид цаг агаарын богино болон урт хугацааны анализ мэдээлэл авах боломжтой. Эрс тэс уур амьсгал, цаг уурын өөрчлөлтийг амжилттай давахын тулд тариаланчдад маань найдвартай, урт хугацааны цаг агаарын мэдээлэл үргэлж шаардагддаг. Өөрөөр хэлбэл, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалж болох олон төрлийн ногоо, жимсний тариалалтын заавар, хортон шавжийн талаарх мэдээллийг хэрэглэгчид аппаараа авна гэсэн үг.