Hub Heroes | Онцлох оршин суугч Б.Эрдэнэтуяа

Hub Innovation Center-ийн "онцлох" оршин суугчдаас танилцуулж байна

Энэ удаагийн #HUBHeroes цувралын ээлжит дугаарт манай төвийн дундын оффисын гишүүн, био-анагаах судлаач, аялагч Б.Эрдэнэтуяаг (Erdenetuya Bayarbat) урьж оролцууллаа. Тэрээр манай төвийн бренд эвентүүдэд үргэлж оролцож, сэтгэгдлээ Medium-ээр хуваалцдаг, бичих сонирхолдоо хөтлөгдсөн эмэгтэй билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа та бүхэндээ хүргэе.


- Өөрийн түүхээсээ хуваалцаач?           
                                                                                                          

Намайг Б.Эрдэнэтуяа гэдэг. Био-анагаах судлаач, Молекул биологич мэргэжилтэй. Хүний биеийг молекулын төвшинд олон талаас нь олон зүйлстэй холбон судалдаг үнэхээр сонирхолтой салбар. Гэсэн хэдий ч би 2015 онд Тайланд улсад олон улсын сайн дурын хөтөлбөрт хамрагдсанаас хойш хүмүүнлэгийн ажилд татагдах болсон. Тиймээс, их сургуулиа төгссөнөөс хойш судалгаа шинжилгээний болон хүмүүнлэгийн хэд хэдэн төслүүд дээр ажиллаж, өөрийгөө сорьж хаана байх ёстой вэ гэдгээ хайж явна даа…

- Таны цаашдын зорилго, зорилт юу вэ?


Эзэмшсэн мэргэжил, дуртай зүйл хоёроо хослуулж бодит үр дүн авчирдаг, гарт баригдаж, сэтгэлд мэдрэгдэж, бусдын амьдралд дэм болсон тийм ажил хийхийг зорьдог. Тиймээс, би ирээдүйд хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн судалгааны ажил, төсөлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Бидний ирээдүй болсон бяцхан багачуудыг жаргалтай, эрүүл өсөж торнихыг харахын тулд хичээн ажиллах болно. Салбар бүрийн шилдгүүд, олон улсын манлайлагчид, судлаачид, оюутан залуустай хамтарч олон олон төслүүд хэрэгжүүлж түүгээрээ бяцхан хүүхдүүдийн эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлээд л.. Үүний төлөө суралцах, өөрийгөө хөгжүүлэх зорилт тавин хичээж байна.

- HUB-д оршин суух болсон түүх?


Анх нээлт дээр нь очоод ийм сайхан газар нээгдэж байгаа юм байна гэж мэдсэн ч зөвхөн гарааны бизнес эрхэлдэг хүмүүс л HUB-д сууж ажилладаг байх гэж боддог байлаа. Харин нэг удаа найздаа аяллын төлөвлөгөө гаргаж өгөхөөр очсон өдрөөсөө эхлээд HUB-д ямар ч төрлийн ажил эрхэлдэг хүмүүс суух боломжтой юм байна гэдгийг мэдсэн. Анх эргэн тойронд ажилдаа шимтэн суугаа хүмүүсийг хараад юу хийж байгаа бол гэж их сонирхдог байлаа. Би бүр өдөрт заавал нэг шинэ хүнтэй танилцана гэсэн зорилготой байлаа шүү дээ. Удалгүй HUB talks-д зочноор оролцон үүргэвчтэй аяллын түүхээ хуваалцах боломж олдож нөгөө зорилгоо арван хэд дахин давуулан биелүүлсэн шүү. /инээв/

- HUB-д оршин суух болсноор танд бий болсон давуу талууд?

HUB дээр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж, тэдгээрт оролцох боломж нээгддэг нь маш их таалагддаг. Анагаахын чиглэлээр суралцсан надад эдийн засаг, IT, санхүү, гарааны бизнес гэхээр үнэхээр хол санагддаг. Гэсэн хэдий ч эдгээр уулзалтад оролцоход олон хүмүүстэй танилцаж ярилцах, цаашлаад тэднээс суралцах бүр ажлын санал авах хүртэл авдаг. Маш сайхан. Бас би өөрийн medium дээрээ эвентээс сурсан мэдсэн бүхнээ тэмдэглэн бичиж, бусалтай хуваалцдаг. Бид ямар нэгэн эвент, уулзалтад оролцоод тэр үедээ ойлгож байгаа мэт боловч дараа нь мартчихдаг шүү дээ. Тийм учраас би боломж гарах бүрд тэмдэглэл хийхийг зорьдог. Эдгээрийг дараа нь уншихад олон шинэ санаа, гарц, шийдэл төрдөг шүү!

Түүний бичсэн нийтлэлүүдийг Medium хаягаас нь сонирхоорой https://medium.com/@erkatuyana
Ярилцсан: Lkhagvatseren Batbayar