Hub Heroes | Онцлох оршин суугч Г.Сарангоо

Энэ удаагийн #HUBHeroes цувралын ээлжит дугаарын зочин бол манай төвийн дундын оффисын гишүүн, Bullet journal хөтлөгч Г.Сарангоо юм. Энэ удаагийн зочны хувьд сүүлийн үед тренд болоод буй бужо-г үлгэр жишээ болохуйц хөтлөн, Инстаграм дээр bujo.ml хаягаар дамжуулан олон гайхалтай бүтээлүүдээ хуваалцдаг гэдгээр нь бид онцоллоо. Ингээд түүнтэй ярилцсан #HubHeroes ярилцлагыг танд хүргэж байна. 

- Өөрийн түүхээсээ хуваалцаач

- Намайг Г.Сарангоо гэдэг. Bujo.ml инстаграм хаягийг хөтөлдөг. Сургуулиасаа жилийн чөлөө авсан бөгөөд энэ хугацаандаа өөрийгөө хөгжүүлж, шинэ, содон, сонирхолтой зүйлсийг эрэлхийлж, туршиж үзэхээр шийдсэн. Bullet journal (bujo) хөтөлж эхэлсэн, мөн гуравдугаар сараас эхлэн bujo.ml хаягаар дамжуулан өөрийн туршлага, зөвлөгөөг хүргэдэг. Үүнээс гадна, өөрийн гараараа зурж монгол төрх, агуулгыг шингээсэн стикерүүдийг урладаг. 

- Таны цаашдын зорилго, зорилт юу вэ?

- Хүмүүс хувийн төлөвлөлтүүдээ янз бүрээр хийдэг. Миний хувьд бичих сонирхолтой хүмүүст зориулан bullet journal-ыг илүү дэлгэрүүлж, зөвлөгөө, мэдээлэл, сэдэл авах зүйлсийг түгээх хүсэлтэй байна. Мөн дээрээс нь bujo хийхэд ашиглагдах зураг, стикер зэргийг хийж, зурах, бичих тал руугаа өөрийгөө хөгжүүлэхээр хичээж байна. 

- Bujo хийж сурснаар танд бий болсон давуу талууд, үр ашиг нь юу вэ?

- Анх төлөвлөлтийг толгойдоо бодохоос биш бодитоор төлөвлөлт хийдэггүй байсан. Bujo-ийн талаар мэдээд, суралцаад, зурж бичих хүсэлдээ илүү их хөтлөгдөн эхлүүлж байлаа. Төлөвлөлт хийдэггүй, bujo хөтлөдөггүй үеийн Сарангоо, төлөвлөлт хийдэг Сарангоо хоёрын хооронд асар их ялгаа гарч, тэр нь анзаарагдсан. Цухас дурдвал, бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу хийж, хоногийн 24 цагийг маш үр бүтээлтэй өнгөрүүлж, цагийн менежменттэй болж эхэлсэн. Bujo нь ямар ч дэвтэрний зохион байгуулалтад хязгаарлагдахгүйгээр, яаж илүү ихийг сэдэж, гоё хийж болох вэ гэдэг талаар маш их боддог учраас ажлаа төлөвлөх, үр бүтээлтэй хийхэд их “урамтай” байдаг. Энэ нь ч цаашдаа байнга ашиглагдаж, хэвшил болдог юм шиг санагдсан. 

- HUB-д оршин суух болсон түүх?

- Надад өөрийн бодож олсон, урган гарч ирсэн санаануудаа цэгцлэх, бодит болгох, төвлөрөх газар хэрэгтэй байсан. Hub Innovation Center-ийг нээгдэхээс нь эхлээд мэддэг, сонирхдог байсан учраас энэ бүх хэрэгцээнд нийцнэ байх гэсэн бодлоос үүдэж сонгож байлаа. 

- HUB-ийн аль хэсэгт суух дуртай вэ?

- Сэтгэбаатарын талбай буюу төв хэсэгт нь суух дуртай. Төвлөрөх, олон шинэ хүмүүстэй танилцаж, “ажилсаг зөгий” мэт уур амьсгал дунд суух тун таатай байдаг. 

- HUB-д оршин суух болсноор танд бий болсон давуу талууд?

- HUB-ийн тав тухтай, чимээгүй орчинд маш олон шинэ санааг ургуулж, цөөнгүй бүтээлүүдийг гараасаа гаргаж байна даа. Сууж үзээгүй эсвэл суухаар төлөвлөж буй хүмүүст хандаж хэлэхэд та маш сайн төвлөрөх, өөрийнхөөрөө байж чадах, шинэ зүйлийг эрэлхийлэх хамгийн таатай орчин байж чадна чадна гэдгийг итгэлтэйгээр хэлмээр байна. 

Ярилцсан: Б.Лхагвацэрэн