Hub Heroes | Онцлох оршин суугч Г.Ундрал

Hub Innovation Center-ийн "онцлох" оршин суугчдаас танилцуулж байна

Бид ээлжит дугаарын HUB Heroes-оороо Access Solutions ХХК-ын бие төлөөлөгч Ганбаатарын Ундралыг (Undka Gi) онцоллоо. Тэрээр манай инкубаторын оффисын оршин суугч юм. Ингээд та бүхэндээ түүнтэй хийсэн бяцхан ярилцлагаа толилуулъя.



- Өөрийн түүхээсээ хуваалцаач?           
                                                                                                          

 Намайг Ганбаатарын Ундрал гэдэг. 23 настай. Оксфордын их сургуульд магистраа хамгаалсан. Өмнө НҮБ-ын залуучуудын зөвлөх хийж байсан. МУИС-ийн олон улсын харилцааг төгссөн. Би багадаа нилээн бүрэг ичимхий, интроверт хүүхэд байсан. Одоо бодоход энэ нь надад их хэрэгтэй байсан бөгөөд үүнийхээ ачаар олон ном уншиж олон зүйлс сурч, өөрийнхөө талаар ч олон зүйлсийг эргэцүүлэн бодож, ойлгосон.


- Та МУИС-ыг төгссөн гэсэн. Тэгвэл МУИС-ийн оюутан охиноос хэрхэн Оксфордын төгсөгч болсон аялал нь юу байв?


Би одоогоос 4 жилийн өмнө МУИС-ийг төгссөн. 16 настайдаа ахлах сургуулиа төгссөн учраас гадаадад суралцахын тулд хугацаагаа алдахгүйгээр эрт сургуулиа төгсөх хэрэгтэй хэмээн бодоод 3-р курстээ солилцооны хөтөлбөрт хамрагдан гадаад явсан бөгөөд энэ хоорондоо багш нартайгаа танилцаад, танилын хүрээгээ нилээн тэлсэн. Төгссөнийхөө дараа төрийн албанд ажиллаад, мөн TOEFL-ын шалгалт өгч, сайн дурын ажил ч хийж маш их туршлага хуримтлуулсан. Тухайн үедээ Америк явах сонирхолтой байсан ч тэтгэлэг чухал байсан бөгөөд тухайн үед Оксфордод тэнцэн, тэндээсээ тэтгэлэг авсан учраас орсон.


- Хүмүүстэй ажиллаж байх явцдаа ийм л байж болохгүй юм байна гэсэн сургамж авч байсан уу?


Хүн өөрийгөө хөгжүүлэхгүй л бол тэгээд хоцордог юм шиг санагддаг. Энийг би хийж чадахгүй байх гэсэн айдсаасаа болж хойш суух нь хүнийг хөгжүүлэхгүй гацаадаг учир байнга л идэвхтэй байдаг. Би өөрөө их хичээмтгий гэх юм уу. Тиймээс боломжоос боломж гарч ирдэг байсан.


- Та байгууллагынхаа үйл ажиллагааг товч танилцуулаач?


Манай байгууллага нь хөгжиж буй орнуудын технологийн салбарыг судлан үүн дээрээ тайлан гарган, тайлангаа шийдвэр гаргагчид буюу бодлого боловсруулагчдад хүртээлтэй байлгах үүднээс дижитал стратеги хэрэглэгдэхүүн боловсруулж байгаа. Би өөрөө Монголыг төлөөлөн ажиллаж байгаа үүднээс энэхүү төслийг эх орондоо хэрэгжүүлэх сонирхлынхоо дагуу Оксфордыг төгссөн төгсөгчидтэй хамтран, Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгийг аван ажиллаж байгаа юм.Технологийн чиглэлээр өөр өөр орны судалгаа хийж байгаа учраас маш олон юм сурч байна. Монголынхоо нөхцөл байдлыг ч гэсэн судлаад явж байгаа, ер нь тийм судлаач ч гэх юм уу төслийн ажилтан ч гэх юм уу тийм л ажил хийж байна даа. Ямар ч байсан оксфордын тэр төсөл дээр оролцож байгаадаа их баяртай байна. Тиймээс л одоо HUB дээр оффислоод сууж байна даа.

- Та Америкт сурахаар төлөвлөж байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?


Юун түрүүнд ямар чадвараа хөгжүүлэх вэ гэдгээ шийдэх нь чухал байх. Миний хувьд чи ийшээ яв, тийшээ яв гэж хэлэхийг хүсдэггүй. Заавал гадаадад гэлтгүй Монголдоо маш мундаг, хийж чадаж байгаа хүмүүс байгааг мэдэж байгаа болохоор. Гадаад л гэвэл сайн гэсэн үг биш шүү дээ. Юм үзэж нүд тайлна гэдэг утгаараа бол сайхан. Монголд сурлаа гэхэд сүртэй дутагдаж гачигдах зүйл байхгүй. Гэхдээ хүн өөрийнхөө хувийн зорилго, зорьсон зорилтынхоо төлөө үнэхээр шийдсэн бол явах хэрэгтэй. Энэ нь хувь хүний сонголт болов уу л гэж боддог.

Ингээд бидний хүсэлтийг хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Энэ удаагийн зочны маань ярилцлага та бүхэнд бага ч гэсэн өөр бодол төрүүлсэн гэж найдаж байна. Дараагийн HUB Heroes-ынхаа ярилцлагаар дахин уулзъя