Hub Heroes | Онцлох оршин суугч Н.Энхжин

Hub Innovation Center-ийн "онцлох" оршин суугчдаас танилцуулж байна

Өнөөдөр тохиож буй Валентины баярыг тохиолдуулан хайрыг түгээхээр сүүлийн өдрүүдэд хосуудынхаа төлөө маш ачаалал ихтэй ажиллаж буй Зөвхөн түүнд-ийн төлөөлөл Н.Энхжинг энэ удаагийн дугаартаа онцолж байна. 



Зөвхөн түүнд гарааны бизнесийг эрхлэгч, хайрыг түгээгч Н. Энхжин

- Өөрийн түүхээсээ хуваалцаач.


Намайг Н.Энхжин гэдэг. IT-ийн инженер мэргэжлээр их сургуулиа төгссөн. Хувь хүнд зориулсан бэлэг дурсгалын зүйл хийдэг “Зөвхөн түүнд” гарааны бизнесийг эрхэлдэг. 
Би дурлаад аа… /инээв/ Бид нар хүнд ямар нэгэн зүйл бэлэглэх гэхээр тогтмол зүйл худалдаж авах гээд байдаг шүү дээ. Би бас нэг хүнд бэлэг өгөх шаардлага үүсээд тэр үедээ хувь хүнд нь өөрт нь зориулсан, сэтгэл шингэсэн бэлэг байвал гоё юм байна даа гээд хайгаад олддоггүй, тэгээд өөрөө хийхээр болоод анх удаа хийж байлаа. 2015 онд нэг хувь ном хийе гэсэн бодолтой эхэлснээс биш яаж хийх, хаанаас материал авах зэргийг юу ч мэдэхгүй байсан. Номын хатуу хавтас гэдгийг мэдэхгүй “100 айл”-аас хамгийн нимгэн ДСП хавтанг хөрөөдөж аваад хамгийн анх хийж байв. Эхний хэдэн бүтээлээс маань авсан хосуудын нэг нь гэрлээд, хүүхэдтэй болсон байхыг харахад их гоё санагддаг. 

- Таны/танай хамт олны зорилго, зорилт юу вэ?


Би ер нь бол шуналгүй хүн. Хүмүүс надад танайх томрохоороо гоё үйлдвэртэй болооч гэх мэт зүйлсийг хэлдэг. Одоо манай багийнхан ихэнх зүйлсээ гараараа, сэтгэлээ шингээж хийдэг. Тийм ч учраас хийж байгаа хүмүүс нь ч аз жаргалтай, захиалгаа хүлээн авч байгаа хүмүүс нь ч баяртай байх нь маш таатай санагддаг. Алсын хараа гэвэл хүмүүс бие биедээ сэтгэлээ шингээсэн бэлгийг өгдөг байгаасай, тэр зүйлд нь туслах хүмүүс манайх байгаасай гэж боддог. 

- HUB-д оршин суух болсон түүх?


HUB Incubator хөтөлбөрийн шалгаруулалтад оролцсон боловч тэнцээгүй. Тэр үедээ HUB-д орох юмсан гэж их бодож байсан. Яг тухайн үед нь бид хуучин түрээсэлж буй газраасаа гарах болоод HUB-д мөн түрээслэх боломжтой өрөө гарч ирээд энд ажиллах болсон. Сонирхуулахад гурван жилийн хугацаанд гэрийнхээ харанхуй өрөөнөөс анхны гараагаа эхэлж яваа яваандаа оффистой болж, 5-6 оффис дамжин нүүж байлаа.

Та ч бас ажлын орчны ирээдүй - HUB Innovation Center-ийн гишүүн болох боломжтойг сануулж байна. Мөн дундын оффист суух эхний нэг өдөр ҮНЭГҮЙ байдаг шүү.

Ярилцлагыг Б.Лхагвацэрэн